28.6. ATM дээгүүр PPP (PPPoA) ашиглах

Дараах нь ATM дээгүүр PPP-г (PPPoA) хэрхэн тохируулах талаар тайлбарлана. PPPoA нь Европийн DSL үзүүлэгчдийн дунд алдартай сонголт болдог.

28.6.1. Alcatel SpeedTouch™ USB-тэй PPPoA-г ашиглах нь

Энэ төхөөрөмжийн PPPoA дэмжлэг нь FreeBSD-д порт хэлбэрээр байдаг. Учир нь үүний firmware Alcatel-ийн лицензийн гэрээгээр түгээгддэг бөгөөд FreeBSD-ийн үндсэн системтэй цуг чөлөөтэй түгээгдэж болдоггүй.

Програм хангамжийг суулгахын тулд ердөө л Портуудын цуглуулгыг ашиглана. net/pppoa портыг суулгаад түүнтэй хамт ирсэн заавруудыг дагаарай.

Олон USB төхөөрөмжүүдийн адил Alcatel-ийн SpeedTouch™ USB нь зөв ажиллахын тулд хост компьютераас firmware татах хэрэгтэй болдог. FreeBSD дээр энэ дамжуулалт нь төхөөрөмж USB порт уруу холбогдсон үед хийгдэхээр болгож энэ процессийг автоматчилах боломжтой. Энэ автомат firmware дамжуулалтыг идэвхжүүлэхийн тулд дараах мэдээллийг /etc/usbd.conf файлд нэмж болох юм. Энэ файлыг root хэрэглэгчээр засварлах шаардлагатай.

device "Alcatel SpeedTouch USB"
    devname "ugen[0-9]+"
    vendor 0x06b9
    product 0x4061
    attach "/usr/local/sbin/modem_run -f /usr/local/libdata/mgmt.o"

usbd USB дэмонг идэвхжүүлэхийн тулд дараах мөрийг /etc/rc.conf файлд нэмнэ:

usbd_enable="YES"

Эхлүүлэхэд залгадаг байхаар ppp-г тохируулах боломжтой байдаг. Үүнийг хийхийн тулд дараах мөрүүдийг /etc/rc.conf файлд нэмнэ. Ахин хэлэхэд энэ процедурын хувьд та root хэрэглэгчээр нэвтрэн орох хэрэгтэй болно.

ppp_enable="YES"
ppp_mode="ddial"
ppp_profile="adsl"

Үүнийг зөв ажиллуулахын тулд та net/pppoa порттой цуг ирсэн ppp.conf файлыг ашиглах хэрэгтэй болно.

28.6.2. mpd ашиглах нь

Та төрөл бүрийн үйлчилгээнүүдэд ялангуяа PPTP үйлчилгээнүүдэд холбогдохын тулд mpd-г ашиглаж болно. Та mpd-г Портуудын цуглуулга net/mpd сангаас олж болно. Олон ADSL модемууд нь модем болон компьютерийн хооронд PPTP хоолой үүсгэгдсэн байхыг шаарддаг бөгөөд тийм модемийн нэг нь Alcatel SpeedTouch Home юм.

Та эхлээд портоо суулгах ёстой бөгөөд дараа нь өөрийн шаардлага болон үйлчилгээ үзүүлэгчийн тохиргоонуудад тааруулан mpd-г тохируулж болно. Порт нь жишээ тохиргооны файлуудыг байрлуулдаг бөгөөд эдгээр нь PREFIX/etc/mpd/-д сайн баримтжуулагдсан байдаг. Энд нэг юмыг тэмдэглэх хэрэгтэй. PREFIX гэдэг нь таны портууд суулгагдсан сан бөгөөд анхдагчаар /usr/local/ байдаг. mpd-г тохируулах бүрэн заавар порт суулгагдсаны дараа HTML хэлбэрээр орсон байдаг. Энэ нь PREFIX/share/doc/mpd/ санд байрладаг. Энд mpd-ээр ADSL үйлчилгээнд холбогдох жишээ тохиргоо байна. Тохиргоо нь хоёр файлаас тогтох бөгөөд эхний mpd.conf нь ийм байна:

Тэмдэглэл: Энэ жишээ mpd.conf файл нь mpd 4.x хувилбартай зөвхөн ажиллана.

default:
    load adsl

adsl:
    new -i ng0 adsl adsl
    set bundle authname username (1)
    set bundle password password (2)
    set bundle disable multilink

    set link no pap acfcomp protocomp
    set link disable chap
    set link accept chap
    set link keep-alive 30 10

    set ipcp no vjcomp
    set ipcp ranges 0.0.0.0/0 0.0.0.0/0

    set iface route default
    set iface disable on-demand
    set iface enable proxy-arp
    set iface idle 0

    open
(1)
Таны ISP-тай холбогдон өөрийгөө таниулан нэвтрэх хэрэглэгчийн нэр.
(2)
Таны ISP-тай холбогдон өөрийгөө таниулан нэвтрэх нууц үг.

mpd.links файл нь таны хийхийг хүссэн холбоос эсвэл холбоосуудын тухай мэдээллийг агуулдаг. Дээрх жишээнд тохирох харгалзах жишээ mpd.links файлыг доор үзүүлэв:

adsl:
    set link type pptp
    set pptp mode active
    set pptp enable originate outcall
    set pptp self 10.0.0.1 (1)
    set pptp peer 10.0.0.138 (2)
(1)
Таны mpd ашиглах FreeBSD компьютерийн IP хаяг.
(2)
Таны ADSL модемийн IP хаяг. Alcatel SpeedTouch Home-ийн хувьд энэ хаяг нь анхдагчаар 10.0.0.138 байна.

Дараах тушаалыг root-ээр ажиллуулж холболтыг хялбараар эхлүүлэх боломжтой байдаг:

# mpd -b adsl

Та холболтын төлөвийг дараах тушаалаар харж болно:

% ifconfig ng0
ng0: flags=88d1<UP,POINTOPOINT,RUNNING,NOARP,SIMPLEX,MULTICAST> mtu 1500
     inet 216.136.204.117 --> 204.152.186.171 netmask 0xffffffff

FreeBSD дээр ADSL үйлчилгээнд холбогдохын тулд mpd-г ашиглахыг зөвлөдөг юм.

28.6.3. pptpclient ашиглах нь

Мөн бусад PPPoA үйлчилгээнүүдэд FreeBSD-ээр холбогдохын тулд net/pptpclient ашиглах боломжтой байдаг.

net/pptpclient-г ашиглан DSL үйлчилгээнд холбогдохын тулд порт болон багцыг суулгаад өөрийн /etc/ppp/ppp.conf файлыг засварлана. Эдгээр үйлдлүүдийг хийж гүйцэтгэхийн тулд та root болсон байх ёстой. ppp.conf файлын жишээ хэсгийг доор үзүүлэв. ppp.conf-ийн тохируулгуудын тухай илүү мэдээллийг ppp гарын авлагын хуудас ppp(8)-с лавлана уу.

adsl:
 set log phase chat lcp ipcp ccp tun command
 set timeout 0
 enable dns
 set authname username (1)
 set authkey password (2)
 set ifaddr 0 0
 add default HISADDR
(1)
DSL үйлчилгээ үзүүлэгчтэй холбогдох таны бүртгэлийн хэрэглэгчийн нэр.
(2)
Таны бүртгэлийн нууц үг.

Сануулга: Та өөрийн бүртгэлийн нууц үгийг ppp.conf файлд цэвэр текст хэлбэрээр тавих ёстой болохоор энэ файлын агуулгыг хэн ч уншиж чадахгүй болгосон эсэхээ шалгах хэрэгтэй. Дараах сери тушаалууд нь энэ файлыг зөвхөн root бүртгэлээр уншигдахаар болгох юм. Дэлгэрэнгүй мэдээллийг chmod(1) болон chown(8) гарын авлагын хуудаснуудаас лавлана уу.

# chown root:wheel /etc/ppp/ppp.conf
# chmod 600 /etc/ppp/ppp.conf

Энэ нь PPP сессэд зориулан таны DSL чиглүүлэгч уруу хоолой нээх болно. Ethernet DSL модемууд нь LAN IP хаягаар урьдчилан тохируулагдсан байдаг бөгөөд та түүн уруу холбогдоно. Alcatel SpeedTouch Home-ийн хувьд энэ хаяг нь 10.0.0.138 байна. Таны чиглүүлэгчийн баримтад төхөөрөмж ямар хаяг ашиглаж байгааг хэлсэн байх ёстой. Хоолой нээж PPP сесс эхлүүлэхийн тулд дараах тушаалыг ажиллуулна:

# pptp address adsl

Зөвлөгөө: Та өмнөх тушаалын төгсгөлд “&” тэмдгийг нэмэхийг хүсэж болох юм. Ингэхгүй бол pptp нь танд тушаал хүлээх мөрийг буцаадаггүй.

tun виртуал хоолой төхөөрөмж нь pptp болон ppp процессуудын хоорондох харилцаанд зориулан үүсгэгдэх болно. Тушаал хүлээх мөрөнд буцаж ирснийхээ дараа юм уу эсвэл pptp нь холболтыг баталгаажуулсны дараа та хоолойг ингэж шалгаж болно:

% ifconfig tun0
tun0: flags=8051<UP,POINTOPOINT,RUNNING,MULTICAST> mtu 1500
        inet 216.136.204.21 --> 204.152.186.171 netmask 0xffffff00
        Opened by PID 918

Хэрэв та холбогдож чадахгүй байгаа бол өөрийн чиглүүлэгчийн тохиргоог шалгаарай. Энэ нь ихэвчлэн telnet юм уу эсвэл вэб хөтчөөр хандах боломжтой байдаг. Хэрэв та холбогдож чадахгүй хэвээр байвал pptp тушаалын гаралт болон ppp бүртгэлийн файл /var/log/ppp.log-оос ямар нэг сэжүүр байгаа эсэхийг шалгах хэрэгтэй.

Энэ болон бусад баримтуудыг ftp://ftp.FreeBSD.org/pub/FreeBSD/doc/ хаягаас татаж авч болно.

FreeBSD-ийн талаар <questions@FreeBSD.org> хаягтай холбоо барихаасаа өмнө баримтыг уншина уу.
Энэ бичиг баримттай холбоотой асуулт байвал <doc@FreeBSD.org> хаягаар цахим захидал явуулна уу.
Энэ бичиг баримтын орчуулгатай холбоотой асуулт байвал <admin@mnbsd.org> хаягаар цахим захидал явуулна уу.