Сануулга: FreeBSD 8.0-аас эхлээд цуваа портын төхөөрөмжийн цэгүүд /dev/cuadN-с /dev/cuauN ба /dev/ttydN-с /dev/ttyuN болж өөрчлөгдсөн. FreeBSD 7.X хэрэглэгчид доорх баримтыг үзэхдээ эдгээрийг бодолцох хэрэгтэй.
Терминалууд нь таныг компьютерийнхаа консол дээр байхгүй үед эсвэл сүлжээнд холбогдоогүй байхад амархан, үнэ хямд аргаар FreeBSD систем уруу хандах боломжийг олгодог. Энэ хэсэг нь терминалуудыг FreeBSD-тэй хэрхэн ашиглах талаар тайлбарлана.
Анхдагч UNIX® системүүдэд консол байгаагүй юм. Харин компьютерийн цуваа портуудад холбогдсон терминалуудаар хүмүүс нэвтрэн ороод програмууд ажиллуулдаг байсан байна. Энэ нь зөвхөн текст орчны ажил хийхийн тулд модем болон терминал програм хангамж ашиглан алсын системд залган орохтой бараг төстэй юм.
Одоогийн PC-үүд нь өндөр чанарын графикуудыг үзүүлж чадах консолуудтай боловч цуваа порт дээр нэвтрэх сесс үүсгэх чадвар өнөөгийн бараг бүх UNIX загварын үйлдлийн системд байдаг бөгөөд FreeBSD ч бас үүний нэгэн адил юм. Ашиглагдаагүй байгаа цуваа портод холбогдсон терминалыг ашиглан та нэвтрэн орж дурын текст програмыг консол эсвэл X цонхны систем дээр xterm цонхонд ажиллуулдаг байсан шигээр ажиллуулж болох юм.
Бизнесийн хэрэглэгчийн хувьд та FreeBSD системд олон терминалуудыг холбож тэдгээрийг өөрийн ажилтнуудынхаа ширээний компьютерууд дээр байрлуулж болох юм. Гэрийн хэрэглэгчийн хувьд хуучин IBM PC эсвэл Macintosh® зэрэг нөөц компьютер нь FreeBSD ажиллуулж байгаа илүү хүчтэй компьютерт холбогдсон терминал болж болох юм. Та ганц хэрэглэгчийн байсан компьютерийг хүчирхэг олон хэрэглэгчийн систем болгон хувиргаж болох юм.
FreeBSD-ийн хувьд гурван төрлийн терминал байдаг:
Дараах дэд хэсгүүд нь дээрх төрлүүдийг тайлбарлах болно.
Дүлий терминалууд нь таныг компьютерууд уруу цуваа шугамуудаар холбогдохыг зөвшөөрөх тусгайлсан тоног төхөөрөмж юм. Тэдгээрийг “дүлий” гэдэг бөгөөд тэдгээр нь зөвхөн текст харуулах, илгээх, болон хүлээж авах хангалттай тооцооллын хүчин чадалтай учраас тэр юм. Та тэдгээр дээр ямар ч програм ажиллуулж чадахгүй. Текст засварлагчууд, эмхэтгэгчид, цахим захидал, тоглоомууд гэх зэргүүдийг ажиллуулах хүчин чадал бүхий таны компьютерт тэдгээрийг холбодог.
Digital Equipment Corporation-ий VT-100 болон Wyse-ийн WY-75 зэрэг олон үйлдвэрлэгчдийн хийсэн дүлий терминалуудын хэдэн зуун төрөл байдаг. Бараг бүх төрөл FreeBSD-тэй цуг ажиллана. Зарим нэг өндөр чанартай терминалууд график үзүүлж чаддаг боловч эдгээр дэвшилтэт боломжуудыг зөвхөн цөөн хэдэн програм хангамжийн багцууд ашиглаж чаддаг.
Ажилтнууд нь X цонхны системийн зэрэг график програмуудад хандах шаардлагагүй ажлын орчинд дүлий терминалууд нь түгээмэл байдаг.
Хэрэв дүлий терминал нь текст харуулах, илгээж хүлээн авах чадвартай байдаг бол ямар ч нөөц персонал компьютер дүлий терминал болж чадна. Танд зөв кабель болон компьютер дээр ажиллах зарим нэг терминал эмуляц хийх програм хангамж хоёр л хэрэгтэй болох юм.
Ийм тохиргоо гэрт их нийтлэг байдаг. Жишээ нь хэрэв таны гэр бүлийн хүн FreeBSD системийн чинь консол дээр завгүй ажиллаж байвал та FreeBSD систем уруу терминал маягаар холбосон арай хүчин чадал багатай персонал компьютер дээрээс зарим нэг текст орчны ажил зэрэг хийж байж болох юм.
FreeBSD-ийн үндсэн системд цуваа холболтоор ажиллахад хэрэглэж болох хамгийн багаар бодоход хоёр хэрэгсэл байдаг: энэ нь cu(1) болон tip(1) юм.
FreeBSD ажиллаж байгаа клиент систем дээрээс өөр системийн цуваа холболт уруу холбогдохын тулд та дараах тушаалыг ашиглаж болно:
# cu -l serial-port-device
Энд байгаа “serial-port-device” нь таны системийн цуваа портод зориулагдсан тусгай төхөөрөмжийн файлын нэр юм. Эдгээр төхөөрөмжийн файлууд нь /dev/cuauN гэж нэрлэгддэг.
Төхөөрөмжийн “N”-хэсэг нь цуваа портын дугаарыг илэрхийлнэ.
Тэмдэглэл: FreeBSD дээр төхөөрөмжийн дугаарууд нь нэгээс биш тэгээс эхэлдэг (жишээ нь MS-DOS®-оос үүдэлтэй системүүд дээр байдаг шиг биш). Энэ нь юу гэсэн үг вэ гэхээр MS-DOS дээр тулгуурласан системүүдийн COM1 гэж нэрлэдэг порт FreeBSD дээр ихэвчлэн /dev/cuau0 гэгддэг.
Тэмдэглэл: Зарим хүмүүс портын цуглуулгад байдаг өөр програмууд ашиглахыг илүүд үздэг. Портуудад cu(1) болон tip(1)-тэй төстэй ажилладаг comms/minicom зэрэг цөөнгүй хэдэн хэрэгслүүд байдаг.
X терминалууд нь хамгийн төвөгтэй терминалуудын нэг юм. Цуваа порт уруу холбогдохын оронд тэдгээр нь ихэвчлэн Ethernet зэрэг сүлжээнд холбогддог. Зөвхөн текст орчны програмуудад зориулагдсан биш тэдгээр нь харин X програм үзүүлж чаддаг.
Энэ сэдвийг гүйцэд хамарч бүрэн бүтэн байлгах үүднээс бид X терминалуудыг танилцуулж байна. Гэхдээ энэ бүлэг X терминалуудыг суулгах, тохируулах болон тэдгээрийн хэрэглээг тайлбарлахгүй.
Энэ хэсэг нь терминал дээр нэвтрэх сесс идэвхжүүлэхийн тулд өөрийн FreeBSD систем дээр таныг юу тохируулах хэрэгтэйг тайлбарлах болно. Энэ нь цуваа порт дэмжихээр өөрийн цөмийг таныг аль хэдийн тохируулсан байгаа гэж үздэг. Цуваа порт уруу терминал холбогдсон бөгөөд таныг тэр терминал уруу холбогдсон байгаа гэж тооцдог.
init процесс нь бүх процессийн хяналт болон системийн эхлүүлэх үе дэх эхний тохиргоог хариуцдагийг Бүлэг 13-с санах хэрэгтэй. init-ийн хийдэг үйлдлүүдийн нэг нь /etc/ttys файлыг уншиж байгаа терминалууд дээр getty процессийг эхлүүлэх явдал юм. getty процесс нь нэвтрэх нэрийг уншиж login програмыг ажиллуулахыг хариуцдаг.
Тиймээс өөрийн FreeBSD системийн хувьд терминалуудыг тохируулахын тулд root хэрэглэгчээр дараах алхмуудыг гүйцэтгэх хэрэгтэй:
/dev сан дахь оруулгад зориулж /etc/ttys файлд хэрэв байхгүй бол цуваа портын мөрийг нэмнэ.
/usr/libexec/getty нь порт дээр ажиллахыг зааж /etc/gettytab файлаас тохирох getty төрлийг тохируулах хэрэгтэй.
Анхдагч терминалын төрлийг заана.
Портыг “on” болгоно.
Порт “secure” байх ёстой эсэхийг заана.
init тушаалаар /etc/ttys файлыг дахин уншуулна.
Нэмэлт алхам болгож хоёрдугаар алхам дээр та өөр getty төрлийг хэрэглээнд зориулан /etc/gettytab-д оруулан үүсгэж болох юм. Энэ бүлэг нь үүнийг хэрхэн хийхийг тайлбарлахгүй бөгөөд дэлгэрэнгүй мэдээллийг gettytab(5) болон getty(8) гарын авлагын хуудаснуудаас үзэхийг зөвлөж байна.
/etc/ttys файл нь нэвтрэлтүүдийг зөвшөөрөхийг хүссэн таны FreeBSD систем дээрх бүх портуудыг жагсаадаг. Жишээ нь эхний виртуал консол ttyv0 нь энэ файлд өөрийн оруулгатай байна. Та энэ оруулгыг ашиглан консол дээр нэвтрэн орж чадна. Энэ файл нь бас бусад виртуал консолууд, цуваа портууд, болон псевдо tty-уудын оруулгуудыг бас агуулдаг. Хатуугаар холбогдсон терминалын хувьд цуваа портын /dev оруулгыг /dev хэсэггүйгээр (жишээ нь /dev/ttyv0 нь ttyv0 гэж жагсаагдах болно) жагсаадаг.
Анхдагч FreeBSD суулгац нь /etc/ttys файлыг эхний дөрвөн цуваа портын дэмжлэгтэйгээр агуулдаг: ttyu0-с ttyu3 хооронд байна. Хэрэв та терминалыг эдгээр портуудын аль нэгэнд холбож байгаа бол өөр оруулга нэмэх шаардлагагүй юм.
Жишээ 27-1. /etc/ttys уруу терминалын оруулгууд нэмэх нь
Бид системд хоёр терминал холбохыг хүслээ гэж бодъё: Wyse-50 болон VT-100 терминалыг эмуляц хийх Procomm терминал програм хангамжийг ажиллуулж байгаа хуучин 286 IBM PC-г терминал маягаар ашиглая. Бид Wyse-ийг хоёр дахь цуваа порт уруу холбож 286-г зургаа дахь цуваа порт уруу холбоё (олон порттой цуваа картын порт). /etc/ttys файл дахь харгалзах оруулгууд нь иймэрхүү байна:
ttyu1 "/usr/libexec/getty std.38400" wy50 on insecure ttyu5 "/usr/libexec/getty std.19200" vt100 on insecure
getty програм нь нэг (нэмэлт) параметр getty төрлийг өөрийн тушаалын мөрөнд хүлээн авдаг. getty төрөл нь терминалын шугам дахь bps хурд болон parity зэрэг шинжүүдийг тохируулдаг. getty програм нь эдгээр шинжүүдийг /etc/gettytab файлаас уншдаг.
/etc/gettytab файл нь хуучин болон шинэ терминалын шугамнуудад зориулсан олон мөрүүдийг агуулдаг. Бараг бүх тохиолдолд std текстээр эхэлсэн оруулгууд нь hardwired буюу хатуугаар холбогдсон терминалуудын хувьд ажилладаг. Эдгээр оруулгууд нь parity-г орхидог. 110-аас 115200 хүртэл bps хурд болгоны хувьд std оруулга байдаг. Мэдээж та өөрийнхөө оруулгыг энэ файлд нэмж болно. gettytab(5) гарын авлагын хуудас илүү дэлгэрэнгүй мэдээллийг өгөх болно.
getty төрлийг /etc/ttys файлд тохируулахдаа терминал дахь холбооны тохируулгууд таарч байгаа эсэхийг шалгаарай.
Бидний жишээн дээр Wyse-50 нь parity ашиглахгүй бөгөөд 38400 bps хурдаар холбогдоно. 286 PC нь parity ашиглахгүй бөгөөд 19200 bps хурдаар холбогдоно.
Бидний жишээн дээр Wyse-50 нь жинхэнэ терминалын төрлийг ашиглах бол Procomm ажиллуулж байгаа 286 PC нь VT-100-г эмуляц хийхээр тохируулагдах болно.
Түгжээтэй хаалганы цаана байгаа терминалын хувьд ч гэсэн “insecure” тохируулгыг ашиглах нь хамгийн зөв зүйтэй юм. Хэрэв танд супер хэрэглэгчийн зөвшөөрлүүд хэрэгтэй бол нэвтрэн ороод su тушаалыг ашиглах нь их амархан байдаг.
/etc/ttys файлд шаардлагатай өөрчлөлтүүдийг хийсний дараа init процесс уруу өөрийн тохиргооных нь файлыг дахин уншуулахын тулд SIGHUP (hangup) дохиог илгээх хэрэгтэй. Жишээ нь:
# kill -HUP 1
Тэмдэглэл: init нь үргэлж систем дээр ажиллаж байгаа эхний процесс байдаг учир энэ нь үргэлж PID 1-тэй байна.
Хэрэв бүгд зөв тохируулагдаж бүх кабелиуд нь байх ёстой газраа байж терминалууд нь ассан байгаа бол терминал бүр дээр getty процесс ажиллаж байх ёстой бөгөөд та энэ үед өөрийн терминалууд дээр нэвтрэлт хүлээх мөрүүдийг харах ёстой.
Нягт нямбай анхаарал хандуулсан байлаа ч гэсэн терминалыг тохируулж байх явцад алдаа гарч буруутаж болох юм. Энд шинж тэмдгүүдийн жагсаалт болон зарим нэг санал болгосон засваруудыг үзүүлэв.
Терминал холбогдсон бөгөөд ассан байгаа эсэхийг шалгана. Энэ нь хэрэв терминал маягаар ажиллаж байгаа персонал компьютер бол зөв цуваа порт дээр терминал эмуляц хийх програм хангамж ажиллуулж байгаа эсэхийг шалгаарай.
Кабель терминал болон FreeBSD компьютерт сайн холбогдсон эсэхийг шалгах хэрэгтэй. Энэ нь зөв төрлийн кабель болохыг баталгаажуулж үзээрэй.
Терминал болон FreeBSD нь bps хурд болон parity тохиргоонууд дээр тохирч байгаа эсэхийг шалгаарай. Хэрэв та видео дэлгэцийн терминалтай бол хар цагаан болон тод байдлын хяналтууд таарсан эсэхийг үзээрэй. Хэрэв энэ нь хэвлэх терминал бол цаас болон бэх сайн эсэхийг шалгаарай.
getty процесс ажиллаж терминалд үйлчилж байгаа эсэхийг үзнэ. Жишээ нь ажиллаж байгаа getty процессуудын жагсаалтыг ps тушаалаар авахын тулд доор дурдсаныг бичнэ:
# ps -axww|grep getty
Та терминалын хувьд түүний оруулгыг харах ёстой. Жишээ нь дараах дэлгэц нь getty нь хоёр дахь цуваа порт ttyu1 дээр ажиллаж /etc/gettytab файлд std.38400 гэсэн оруулгыг ашиглаж байгааг харуулж байна:
22189 d1 Is+ 0:00.03 /usr/libexec/getty std.38400 ttyu1
Хэрэв ямар ч getty процесс ажиллахгүй байгаа бол /etc/ttys файлд та портыг идэвхжүүлсэн эсэхээ шалгаарай. Мөн ttys файлыг өөрчилснийхөө дараа kill -HUP 1 тушаалыг ажиллуулахаа мартуузай.
Хэрэв getty процесс ажиллаж байгаа боловч терминал нь нэвтрэлт хүлээх мөрийг харуулахгүй байгаа, эсвэл энэ нь хүлээх мөрийг үзүүлж байгаа боловч танд бичихийг зөвшөөрөхгүй байгаа бол таны терминал эсвэл кабель тоног төхөөрөмжийн handshaking буюу харилцан зохицож холбогдох горимыг дэмжихгүй байна гэсэн үг юм. /etc/ttys файл дахь оруулгыг std.38400-с 3wire.38400 уруу болгож үзээрэй (/etc/ttys файлыг өөрчилснийхөө дараа kill -HUP 1 тушаалыг ажиллуулахаа мартуузай). 3wire оруулга нь std-тэй төстэй боловч тоног төхөөрөмжийн handshaking хийдэггүй. Магадгүй та хурдыг багасгаж эсвэл 3wire-г ашиглаж байхдаа буфер дүүрэхээс сэргийлж програм хангамжийн урсгалын хяналтыг идэвхжүүлэх хэрэгтэй байж болох юм.
Терминал болон FreeBSD нь bps хурд болон parity тохиргоонууд дээр тохирч байгаа эсэхийг шалгана. Зөв getty төрлийг ашиглаж байгаа эсэхийг баталгаажуулж getty процессуудыг шалгах хэрэгтэй. Хэрэв үгүй бол /etc/ttys-г засварлаж kill -HUP 1 тушаалыг ажиллуулна.
Терминалыг (эсвэл терминал эмуляц хийх програм хангамжийг) “half duplex” эсвэл “local echo” горимоос “full duplex” уруу шилжүүлнэ.
Энэ болон бусад баримтуудыг ftp://ftp.FreeBSD.org/pub/FreeBSD/doc/ хаягаас татаж авч болно.
FreeBSD-ийн талаар <questions@FreeBSD.org> хаягтай
холбоо барихаасаа өмнө баримтыг уншина уу.
Энэ бичиг баримттай холбоотой асуулт байвал <doc@FreeBSD.org> хаягаар цахим
захидал явуулна уу.
Энэ бичиг баримтын орчуулгатай холбоотой асуулт
байвал <admin@mnbsd.org>
хаягаар цахим захидал явуулна уу.