FreeBSD дээр маш олон ажил тушаал бичиж оруулдаг shell буюу бүрхүүл хэмээх орчинд хийгддэг. Бүрхүүлийн гол үүрэг нь гарнаас оруулсан тушаалыг гүйцэтгэх юм. Өдөр болгон гүйцэтгэхэд шаардагддаг файл зохицуулах, тушаал оруулагч мөрийг засварлах, тушаалын багц, орчны хувьсагч зэрэг туслах тушаалуудыг олон бүрхүүлүүд агуулж байдаг. FreeBSD нь sh буюу Bourne Shell, мөн tcsh буюу сайжруулсан C-shell зэрэг багц бүрхүүлүүдтэй хамт ирдэг. zsh болон bash зэрэг маш олон бүрхүүлүүд FreeBSD-ийн портын цуглуулганд ирдэг.
Та ямар бүрхүүл хэрэглэдэг вэ? Энэ бол тухайн хүний дур сонирхолтой хамаатай. Хэрэв та C програмын хэл дээр програм бичдэг бол C-тэй адилхан бичигддэг tcsh төрлийн бүрхүүлд дуртай болж болох юм. Хэрэв та Linux системээс ирсэн юм уу эсвэл UNIX®-ийн тушаалуудтай дөнгөж танилцаж байгаа шинэ хүн бол bash бүрхүүлээр эхлэх нь амар байж болох юм. Хамгийн гол нь бүрхүүл болгон өөрийн гэсэн онцгой шинж чанартай болохоор өөрийнхөө хүсэл зорилгод тааруулж бүрхүүлээ сонгож дадах нь чухал.
Бүрхүүлийн хамгийн энгийн чадвар бол файлын нэрийн автомат гүйцэтгэл юм. Тушаал юм уу файлын эхний хэдхэн үсгийг бичээд гарын Tab товчийг дарахад уг үсгээр эхэлсэн файлын нэрийг танд гүйцээж бичиж өгдөг. Энд нэг жишээ авч үзье. Танд foobar болон foo.bar гэсэн хоёр файл байгаа гэж бодъё. Та foo.bar файлыг устгахыг хүсэв. Тэгвэл та компьютерийнхаа гаран дээр ингэж бичих болно: rm fo[Tab].[Tab].
Бүрхүүл танд ингэж харуулна rm foo[BEEP].bar.
[BEEP] гэдэг нь консолоос гаргаж байгаа хонхны дуу бөгөөд ингэж эхэлсэн файлын нэр нэгээс олон байгааг танд мэдэгдэж байгаа юм. foobar болон foo.bar хоёр хоёулаа fo гэж эхэлж байгаа ч гэсэн foo гэж танд дүүргэж өгдөг. Хэрэв та . гэж бичээд Tab дахин дарвал бүрхүүл танд уг хүссэн файлын тань нэрийг гүйцээж өгдөг.
Бүрхүүлийн бас нэг шинж чанар бол орчны хувьсагчийн хэрэглээ юм. Орчны хувьсагч гэдэг нь бүрхүүлийн орчинд хадгалагддаг, нэрэнд утга өгсөн хослол байдаг. Энэ бүрхүүлийн орчин нь уг бүрхүүлээс гүйцэтгэгдэж байгаа бүх програм болон програмын тохируулгад харагдаж байдаг. Байнга хэрэглэгддэг ерөнхий орчны хувьсагчдыг дор жагсааж тайлбарлав:
Хувьсагч | Тодорхойлолт |
---|---|
USER | Холбогдсон байгаа тухайн хэрэглэгчийн нэр. |
PATH | Ачаалагдаж болдог хоёртын файлуудыг агуулдаг сангуудыг таслалаар тусгаарлаж бичсэн жагсаалт. |
DISPLAY | Хэрэв холбогдох боломжтой бол, X11 дэлгэцийн сүлжээгээр холбогдох цэг. |
SHELL | Хэрэглэж байгаа shell буюу бүрхүүл. |
TERM | Хэрэглэгчийн терминалын төрлийн нэр. Терминалын шинж чанарыг тодорхойлоход хэрэглэгддэг. |
TERMCAP | Төрөл бүрийн терминалуудад алгасах ёстой кодуудын өгөгдлийн бааз. |
OSTYPE | Үйлдлийн системийн төрөл. жишээ нь, FreeBSD. |
MACHTYPE | Системийн ажиллаж байгаа процессорын архитектур. |
EDITOR | Хэрэглэгчийн эрхэмлэж хэрэглэгддэг текст засварлагч. |
PAGER | Хэрэглэгчийн эрхэмлэж хэрэглэдэг пэйжер. |
MANPATH | Таслалаар тусгаарлаж жагсаасан, гарын авлагын хуудсуудыг агуулсан хайх сангууд. |
Бүрхүүл болгонд орчны хувьсагчаа өөр өөр тохируулдаг. Жишээлбэл, C-маягийн бүрхүүл tcsh болон csh дээр, та setenv тушаалыг ашиглаж орчны хувьсагчийг зааж өгдөг. Bourne төрлийн бүрхүүлүүд болох sh болон bash дээр, та export тушаалыг ашиглаж орчны хувьсагчийг зааж өгнө. Жишээ нь, орчны хувьсагч EDITOR-г өөрчлөх юм уу зааж өгөхийн тулд csh юм уу эсвэл tcsh бүрхүүл дээр EDITOR хувьсагчид /usr/local/bin/emacs утгыг өгөхийн тулд:
% setenv EDITOR /usr/local/bin/emacs
Bourne бүрхүүлүүд дээр:
% export EDITOR="/usr/local/bin/emacs"
Ихэнх бүрхүүлийн орчны хувьсагчийн утгыг харахын тулд хувьсагчийн нэрний урд $ тэмдгийг хэрэглэж харна. Жишээ нь, echo $TERM гэсэн тушаал нь $TERM хувьсагчид ямар утга байгааг консол дээр харуулна. Учир нь, бүрхүүл $TERM дотор буй утгыг echo тушаалд дамжуулж өгснөөр консол дээр харуулагддаг.
Бүрхүүл маш олон тэмдэгтийг тусгай зориулалтаар өгөгдлийг илэрхийлэхдээ хэрэглэдэг бөгөөд тэдгээр тэмдэгтийг мета-тэмдэгтүүд гэж нэрлэдэг. Байнга хэрэглэгддэг тэмдэгтийн нэг нь * юм. Энэ тэмдэгт нь файлын нэрэнд байгаа тэмдэгтүүдийг хэд ч байсан хамаагүй орохыг илэрхийлдэг. Тэдгээр мета-тэмдэгтүүд нь файлын нэрийг орлуулахад байнга хэрэглэгддэг. Жишээлбэл, echo * гэсэн тушаал нь ls тушаалтай ижилхэн үүрэг гүйцэтгэх бөгөөд, яагаад гэвэл бүрхүүл нь * тэмдэгтэд тохирох бүх файлуудыг авч echo тушаал руу дамжуулж харуулдаг.
Бүрхүүл дээр мета-тэмдэгтүүдийг хэрэв тухайн онцгой тохиолдлоор нь биш харин зүгээр тэмдэгт хэлбэрээр нь хэрэглэхийг хүсвэл, уг тэмдэгтийн урд ташуу зураасыг (\) бичиж өгдөг. echo $TERM гэсэн тушаал нь ямар терминал заагдсан байгааг харуулна. Харин echo \$TERM тушаал нь ердөө $TERM гэж харуулна.
Бүрхүүлээ буюу shell-ээ солих хамгийн амархан арга бол chsh тушаалыг хэрэглэх юм. chsh тушаал нь таныг EDITOR орчны хувьсагчид заагдсан засварлагч уруу оруулдаг бөгөөд хэрэв энэ хувьсагчид утга заагдаагүй байвал шууд vi засварлагчийг ажиллуулдаг. Тэгээд та “Shell:” мөрөнд буй утгыг өөрчилж бүрхүүлээ өөрчилнө.
Та мөн chsh тушаалыг -s
сонголттой хэрэглэж болох бөгөөд
ингэсэн үед нэмэлт засварлагч нээлгүйгээр шууд
бүрхүүлийг өөрчилдөг. Жишээ нь та өөрийнхөө
бүрхүүлийг bash бүрхүүлээр солихыг
хүсвэл дараа тушаалыг өгөх болно:
% chsh -s /usr/local/bin/bash
Тэмдэглэл: Таны хэрэглэхийг хүсэж байгаа бүрхүүл тань /etc/shells файл дотор заавал байх ёстой. Хэрэв та портын цуглуулгаас бүрхүүл суулгасан бол энэ нь автоматаар хийгдчихдэг. Харин та гар аргаар ямар нэг бүрхүүл суулгавал энэ файлд өөрөө нэмэх хэрэгтэй.
Жишээ нь та bash бүрхүүлийг гар аргаар суулгаад /usr/local/bin байршилд байрлуулсан бол дараах тушаалыг өгөх хэрэгтэй:
# echo "/usr/local/bin/bash" >> /etc/shellsТэгээд дараа нь chsh тушаалыг хэрэглэх хэрэгтэй.
Өмнөх | Эхлэл | Дараах |
Далд чөтгөр буюу дэмонууд, дохионууд, мөн процессуудыг зогсоох нь | Дээш | Текст засварлагчид |
Энэ болон бусад баримтуудыг ftp://ftp.FreeBSD.org/pub/FreeBSD/doc/ хаягаас татаж авч болно.
FreeBSD-ийн талаар <questions@FreeBSD.org> хаягтай
холбоо барихаасаа өмнө баримтыг уншина уу.
Энэ бичиг баримттай холбоотой асуулт байвал <doc@FreeBSD.org> хаягаар цахим
захидал явуулна уу.
Энэ бичиг баримтын орчуулгатай холбоотой асуулт
байвал <admin@mnbsd.org>
хаягаар цахим захидал явуулна уу.