3.12. Суулгацын нэмэлт гарын авлага

Хамтарч бэлтгэсэн Валентино Вашетто. Шинэчилсэн Марк Фонвил.

Энэ хэсэгт FreeBSD-г хэрхэн онцгой тохиолдолд суулгах талаар өгүүлэх болно.

3.12.1. FreeBSD-г дэлгэц юм уу гар үгүй систем дээр суулгах нь

Энэ төрлийн суулгацыг FreeBSD-г суулгаж байгаа машин нь дэлгэцгүй юм уу тэр байтугай дэлгэцийн залгуургүй байдаг учраас “headless install буюу толгойгүй суулгац” гэж нэрлэдэг. Яаж ингэж болдог юм бол? гэж та гайхаж байвал, serial console буюу цуваа консол хэрэглэснээр ийм суулгац хийж болдог. Цуваа консолоор өөр машиныг дэлгэц болон гар болгож ашиглаж болдог. Үүнийг гүйцэтгэхийн тулд Хэсэг 3.3.7 дээр заасан зааврын дагуу суулгац USB санах ойн зөөгчийг бэлдэх юм уу эсвэл зөв ISO дүрсийг татаж авах хэрэгтэй. Хэсэг 3.13.1 хэсгээс үзнэ үү.

Эдгээр зөөгчийг өөрчилж цуваа консолоос эхлэн ачаалахын тулд дараах алхмуудыг биелүүлэх хэрэгтэй (хэрэв та CDROM ашиглах хүсэлтэй байгаа бол эхний алхмыг алгасаж болно):

  1. Эхлэн ачаалагч USB зөөгчийг цуваа консол уруу холбогдохыг зөвшөөрөх

    Хэрэв та урьд нь USB зөөгчөөс эхлэн ачаалж байсан бол, FreeBSD нь ердийн энгийн суулгацын горимоор эхлэн ачаалах болно. Гэхдээ бид нар суулгацаа цуваа холболт уруу орж эхлүүлэх ёстой билээ. Ингэхийн тулд FreeBSD уруу USB дискийг mount(8) тушаал ашиглаж таниулж холбох хэрэгтэй.

    # mount /dev/da0a /mnt
    

    Тэмдэглэл: Өөрийн нөхцөл байдалд зориулж төхөөрөмжийн цэг болон холбох цэгийг тааруулаарай.

    Одоо та зөөгчийг холбосон болохоор USB зөөгчийг цуваа консолоос эхлэн ачаалахыг зааж өгөх ёстой. Та USB зөөгчийн файлын системийн loader.conf файлыг системийн консолийг цуваа консол гэж зааж байгаа мөрөн дээр нэмж өгөх шаардлагатай:

    # echo 'console="comconsole"' >> /mnt/boot/loader.conf
    

    Ингээд та USB зөөгчөө зөв тохируулчихсан учраас таниулсан дискээ umount(8) тушаалаар буцааж салгах хэрэгтэй:

    # umount /mnt
    

    Одоо USB зөөгчөө салгаад энэ процедурын гурав дахь шат руу шууд очиж болно.

  2. Цуваа консол руу ачаалахаар суулгалтын CD-г идэвхжүүлэх

    Хэрэв та суулгалтын ISO дүрснээс (Хэсэг 3.13.1-с үзнэ үү) өөрийн хийсэн CD-ээс ачаалж байгаа бол FreeBSD ердийн суулгалтын горим руу ачаалах болно. Бид FreeBSD-г цуваа консол руу ачаалахыг хүсэж байгаа. Ингэхийн тулд та CD-R зөөгч рүү шарахаасаа өмнө ISO дүрсийг задлан засаж дахин үүсгэх ёстой.

    Суулгалт ISO дүрсийг жишээ нь FreeBSD-9.1-RELEASE-i386-disc1.iso хадгалсан FreeBSD системээс tar(1) хэрэгслийг ашиглан бүх файлыг задалж авна:

    # mkdir /path/to/headless-iso
    # tar -C /path/to/headless-iso -pxvf FreeBSD-9.1-RELEASE-i386-disc1.iso
    

    Та одоо цуваа консол руу ачаалах суулгалтын зөөгчийг тохируулж өгөх ёстой. Та задлагдсан ISO дүрснээс авсан loader.conf файлдаа системийн консолийг цуваа консол болгон тохируулах мөр нэмж өгөх ёстой:

    # echo 'console="comconsole"' >> /path/to/headless-iso/boot/loader.conf
    

    Дараа нь бид өөрчлөгдсөн модноос шинэ ISO дүрсээ үүсгэж болно. sysutils/cdrtools портын mkisofs(8) хэрэгслийг ашиглана:

    # mkisofs -v -b boot/cdboot -no-emul-boot -r -J -V "Headless_install" \
    	    -o Headless-FreeBSD-9.1-RELEASE-i386-disc1.iso /path/to/headless-iso
    

    Одоо та өөрийн ISO дүрсийг зөв тохируулсан болохоор өөрийн дуртай шарагч програмаар CD-R руу шарж болно.

  3. Null-modem кабелиар холбох

    Та одоо хоёр машинаа null-modem кабелиар холбох хэрэгтэй. Уг хоёр машины цуваа холболтын залгууранд нь тус тусад нь залгах хэрэгтэй. Ердийн цуваа залгуур энэ тохиолдолд ажилладаггүй бөгөөд дундаа сэлгэж залгагдсан null-modem залгуур танд хэрэгтэй.

  4. Суулгац эхлүүлэх гэж шинээр ачаалах

    Одоо суулгацаа эхлүүлэх цаг боллоо. USB санах ойн зөөгчөө толгойгүй суулгалт хийж байгаа машиндаа хийгээд машинаа асаана. Хэрэв та бэлтгэсэн CDROM ашиглаж байгаа бол машинаа асаагаад дискээ хийн ачаалах хэрэгтэй.

  5. Толгойгүй машин уруугаа холбогдох

    Та одоо тэр машин уруугаа cu(1) тушаал хэрэглэж холбогдох хэрэгтэй:

    # cu -l /dev/cuau0
    

    FreeBSD 7.X дээр дараах тушаалыг ашиглана:

    # cu -l /dev/cuad0
    

Ингээд л боллоо! Та одоо нөгөө толгойгүй машинаа cu тушаалын хэсгээр удирдах боломжтой боллоо. Энэ нь цөмийг дуудах бөгөөд дараа нь ямар төрлийн терминал хэрэглэхийг асуух болно. Тэр үед нь FreeBSD color console буюу өнгөт консол гэдгийг сонгоод цааш нь суулгацаа үргэлжлүүлээрэй!

Энэ болон бусад баримтуудыг ftp://ftp.FreeBSD.org/pub/FreeBSD/doc/ хаягаас татаж авч болно.

FreeBSD-ийн талаар <questions@FreeBSD.org> хаягтай холбоо барихаасаа өмнө баримтыг уншина уу.
Энэ бичиг баримттай холбоотой асуулт байвал <doc@FreeBSD.org> хаягаар цахим захидал явуулна уу.
Энэ бичиг баримтын орчуулгатай холбоотой асуулт байвал <admin@mnbsd.org> хаягаар цахим захидал явуулна уу.